Thursday, October 16, 2008

Ойн төгөл, навчсын чимээ, усны хоржигноо

Ойн төгөл, навчсын чимээ, усны хоржигноо
Одоо та нар хэл яриагаа миний шүлгээр хэлнэ
Энэ төгөлд зуунаас ч урт эр зориг, үхлийн төгсгөл
Уянгын том хөгжим...
Утас нь тасарсан цэнхэр аялгуу намирч байсансан
Би тэр аялгууг хөндлөө
Чамайг, намайг хүлээж суухдаа
Чанх дээрх оддоо ажихдаа
Гэрэлт сарны туулай сэвхийг
Сэрэлт харцаар ажиж чадсангүй дээ
Олон, олон жилийн минь уйт дурсамж
Одоо чинийхээ өмнө дэлгэх цомог
Үгийн сүлжээ бол сэтгэлийн таавар
Өдгөө чамтай наадах шатрын өрөг
Чамтай өнгөрөөсөн он жилүүд
Чадал бяраа үзсэн хүний жилүүд
Зудлаад өнгөрсөн, тэгээд үрэгдсэн
Чи бидний золиосууд
Нохойд ачаа ачаад яах вэ
Намд гуньж, гуниад яах вэ
Гэрэлт сарны дор хуцалдаж явсан
Гэм нь тэгээд чинийх юм уу,
Минийх юм уу!
1998.09.14

Wednesday, October 15, 2008

Wednesday 10. 15. 2008

Яруу найрагчийн цадиг

Шvлэгчийн зовлонг шvлэгч л ойлгоно
Шєнийн одод шvлэгчийг ойлгоно
Євсний зовлонг шvлэгч ойлгоно
Єдрийн од шvлэгчийг ойлгоно
Анир чимээгvйд бодлогширон суугаа
Аугаа найрагчийн vлдээсэн мєрийг
Зvvн жилийн дараа цэцэгс бvрхээд
Зулзаган хус шиг охид зvvдлэнэ
Усанд унасан сарны дvрсийг
Уусан архиндаа амилуулж боддог
Ялдамхан бєгєєд гэнэхэн араншин
Яруу найрагчаас гаралгvй яхав
Амьдын хорвоод аршин нэгтэйдээ
Араатан чоныг шvлэгч л хайрлана
Амьдрахын тєлєє ÿнхан болсон
Арчаагvй бvсгvйг шvлэгч л ойлгоно
Ядуугын зовлонг ядуу л ойлгоно
Яруу найрагчийг зовлон ойлгоно
Шаналхын зовлонг шvлэгч л ойлгоно
Шартахын зовлонг архичин л ойлгоно
Yзээгvй vнэнээ эрж явсаныг нь
Yхэл хэмээх vнэн ойлгоно оо.

Saturday, August 30, 2008

Өндрийн саран манан дотроос сүүмийх нь.....

Өндрийн саран манан дотроос сүүмийх нь
Чөдрийн ганц морь шиг минь үзэгдэнэ
Чөдрийн ганц морь шиг минь манан дунд
Шүүдрийн усан дусал мэт үзэгдэнэ
Шүүдрийн усан дусал манан дунд
Өндрийн сарны нулимс мэт санадагдана
Өндрийн саран манан дотроос сүүмийх нь
Өчигдөрийн харсан марал мэт үзэгдэнэ
Өчигдөрийн харсан марал манан дунд
Холын нэгэн дурдатгал адил бодогдоно
Холын нэгэн дурдатгал манан дунд
Хоосон хэмээх үнэн чанар нь танигдана
1991 он

Wednesday, May 7, 2008

Эх нутагтаа vлдээх гэрээс

Уйтай агаад битvvлэг анир орхиод
Улиасны навчис цаг бусаар гандлаа
Ургамал хvртэл шаралж амжилгvй хөлдөх
Угтаа надад хамгаас гунигтай байна
Хөлдөж хvрэнтсэн энэ л навчсын шаналан
Хөх тэнгэртээ далдуур бишрэх сvслэн
Эх орноо аргадсан дууны чинь энэлэн
Эцсийн өдөр нvгэл буяныг маань шvvг ээ!
Төрсөн vр нь эхдээ муухай харагддаггvй
Тvмнээ хуурах сэтгэл өвөрлөж болдоггvй
Дээрх хvн суудлаа олохгvй будилвал
Доорх хvн гvйдлээ олдоггvй нь эртний vг ээ!
Айл хvний амь нэгээ гэж сургадаг
Ах дvvгийн хол нь дээр гэж хэлдэг
Гөлгийг хvн зодож тэжээвэл ярдаг болдог
Гvдэс муйхраар хорвоог туулах нь амьтны явдал аа
Хан уулсынхаа мөнх тэргvvнд биширч явснаас
Ханцуйд нь шургалах харийн салхинд сvсэлж vзсэнгvй
Эцэг дээдсийнхээ ёс заншилд биширч явснаас
Эрхт тvшмэдийн суудал зэрэгт арсаж шvтсэнгvй
Хvний цустай манай зvстэйчvvлийн засаглалд
Хvнд сурталтан, хvлцэнгvй номхчуулын дунд
Хvрэн нvvртэй зэвхийнvvд, шорон эрvvлжvvлэхийн хараанд
Хvv чинь болсон азгvй найрагч амьдарлаа
Үлдэхээрээ vлдэх эх орон-ижий минь
Өвсний чинь vндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ
Үгний минь vнэн, vсний минь цагааныг
Өөр хэнээр ч бус, та л өөрөө шvvгээрэй
Эх Монгол нутаг минь ээ!
1992 о

Шаналант эх орон

Ирж буй цагаар гундан гунихарч
Эх орон минь юутай шаналантай байна вэ
Урины ийм цагаар сэтгэл тэнийдэг
Урьдын тvvх минь хааш одоо вэ
Зуны тэргvvн сард цас ороод л
Зулзаган ногоо хvртэл гандуу харагдаад л
Айлуудын бvрээс хvртэл хир даагаад
Ард нийтээр дуугаа хураагаад л
Ганц ангир тэнгэрт нулимс адил уймраад л
Гайхширал бухимдал сэтгэлд өргөс адил тороод л
Хумсны минь шар мах сөрсөн мэт
Хувь заяа чи юуны тухай мэргэлнэм бэ

1991.05.25

Tuesday, May 6, 2008

Их хүлээлтийн төгсгөл

Чамайг хүлээж суухад минь
Чанд хүлээс бүгдийг ороолно
Үхлийг хүсээгүй болохоос зовж үзсэн
Өрлөг Боорчи шиг хэн нэгэн хүлээнэ
Намайг хүлээж суухад чинь
Нар зүв зүгээр мандаж жаргана
Намираа хурын шиврээ шиг
Намуухан, зоримогхон бичээс чамд хүрнэ
Түүнийг хүлээж суухад
Төгөлдөр гоо үзэсгэлэн санагдана
Өөрийн минь хувь заяа дэргэд нь үнэтэй
Үхэл бас амьдын он жилүүд аргадна
Чамайг, намайг хоёуланг нь хүлээж суухад
Чанх дээр гурван од зэрэгцэнэ
Чинийх, минийх, нөгөөх нь мөрөөдлийнх
/Чив чимээгүй саран жүнзэн дотроос мэндчилнэ/
....................................
Үхлийн хаалган дээр чи бидний бүтээл хүлээнэ
Өмч хөрөнгөө чи хэнд ч юм өвлүүлнэ
Хэний бүтээсэн, хэний чадсан тэр бүгдийг
Хэнгэрэг цохиод үнэ хаялцуулан худалдана
Ядуу, өлсөглөн, үхсэн хүнийг тэд өрөвдөвч
Ялдам, зөөлөн уянгыг нь хэзээ ч ойлгохгүй
1998.09.02

Нийтэлсэн: Уудам.

БҮРЭНГИЙН САРЬДГИЙН ХЭРМЭЛ БООГИЙ

Гариг ерөнцийн маань амьсгал зогсоогүй атал мөхөж үрэгдэнэ гэдэг өнгөцхөн ойлголтод хүмүүс илтгэсээр л амь зуух юм.
Ж.Болд-Эрдэнэ


Наяад оны сүүлчээр Монголын яруу найраг шинэ эрч хүчтэй залуусыг түрлэгт автан, нам социализмын бүтээн босголт, үзэл суртлын дуунаас залхсан уншигчдад хүний дотоод сэтгэл, залуу насны ааг омог, хайр дурлалын тухай шүлгүүдээ дэлгэн барьсан бүхэл бүтэн үеийнхэн төрснийг зарласан юм. Энэ залуусын тэргүүнд уянгын яруу найрагч Ж.Болд-Эрдэнийн нэр зүй ёсоор бичигдэж байлаа. Тэрээр орчлонд цөөхөн жил амьдарна гэдгээ мэдсэн юм шиг алдар нэр, эд мөнгөний төлөөх цаг зуурын ядуухан тэмцлийг үл ойшоож, гагцхүү билиг танхай найрагчийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгосон юм. Хорвоог цэл залуугаараа орхин одтолоо үнэн ч явсан шүлгүүдээс нь Ж.Болд-Эрдэнийн яруу найрагт, чин хайртай сэтгэл, илтгэл үнэмшил хийгээд гэгээрэл, гунигийг мэдэрч болно. Нэгэн үе Ж.Болд-Эрдэнэгүй наадам наадам биш, Болд-Эрдэнэтэй нөхөрлөөгүй залуус найрагч биш шахам байсан. Тэр цаг үеийг нэхэн санах уран бүтээлч бидний дунд олон. Алдаж онож, шатаж дэвэрч, хүний амьдралын энхэл донхол дундуур бусдын л адил туулж явахдаа бичсэн түүний “үнэн шүлгүүд” орчин цагийн Монголын яруу найргийн нэгээхэн хуудас болон үлджээ.


Яруу найрагч Гун-Аажавын АЮУРЗАНА
“Монголын мөнгөн үеийн яруу найраг” номондоо түүний тухай ингэж дурсан өгүүлжээ.

Нийтэлсэн: Уудам.

Tuesday, September 25, 2007

Нисэж буй навчис сарны туяаг...

Намуухан шөнө
Навчсаар бороо дусална
Надад уйтгар төрж
Нойр хулжина
Нисэж буй навчис сарны туяаг
Нимгэн нимгэнээр
Бие дээрээ түрхжээ

*****

Гадаа гудамжинд нам гvм
Бvгд унтжээ
Ганцаардсан би л шалбааг сэрээн
Зогсож байна
Гансарч, санаа алдахад минь
Гасалж зовлон хуваалцсан
Гєлєг минь чамд баярлалаа

ХЭЛ ХЭРХЭН ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ?

- Чанагш юм бүхэн улирч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чамайг гэх хайр минь цагийн эрхэнд бүдгэрч одно
Чанагш юм бүхэн улирч одно... Ж.Болд-Эрдэнэ

M. Saruul-Erdene (Indiana University)

Хөгжил хувьслын философи найргийн хэлээр байгаа нь энэ. Физикчид энерги шилжихийг, химичид урвал гарцаагүйг өгүүлэх нь Болд-Эрдэнэ найрагчийнхаас хол зөрөхгүй мэт. Мөнх юм гэж үгүй, үүдсэн болгон дуусна, бүтсэн бүхэн эвдэрнэ хэмээн Нагаржуна сургана. “Мөнх хөх тэнгэр” л гэнэ, озоны давхарга энэ янзаараа нимгэрээд цоороод байвал яваандаа хөх биш болох байлгүй.

Чанагш юм бүхэн улирч одох нь хүний хэлэнд ч мөн хамаатай. Амьд организм болгон байнга хувьсан өөрчлөгдөж байдгийн адил хэл бас ямагт хөдөлгөөнд оршиж, үргэлж өөрчлөгдөж байдаг юм. Үргэлж хэрэглэж яваа бид харин үүнийг тэр болгон анзаараад байхгүй. Өглөө босоод тольдоход царай тань өчигдрийнхтэйгээ л адил харагддаг биз дээ. Өдөр болгоны царай адил атлаа арван жилийн өмнө хойнох ов ондоо байдагтай адил хэл алгуур боловч байнга хувьссаар байдаг. Хүний царайны арван жилийн хувьсал хэлэнд бол хэдэн зуун жилийнхтэй дүйнэ.

Хэлний хамгийн хөдөлгөөнтэй, эмзэг хэсэг бол үгийн сан. Ажигч нэг нь хэдэн жилийн өмнөхөөс өөр үг хэллэг хэрэглэдэг болсныг, бас зарим нэг үг хэллэг мартагдсаныг хэлж чадна. Ялангуяа этгээд үг хэллэг бол хувцасны моод шиг байнга солигдож байдаг. Ээс залуу, лайтай, шуналын микроб гэх мэт этгээд үгс бараг мартагджээ. “Бохь гашилах” гэдэг хэллэгийг одоогийн залуус бараг л ойлгохгүй болов уу? Сүү гашлахаас бохь гашилна гэж байх гэж үү? Байсан л юм даа. Бохийг чинь долоо хоног тасралтгүй зажлахаар сүүлдээ гашилчихдаг юм.

Үг ч яах вэ, мартагдаад бас шинээр бий болоод байдаг юм байж. Тэгвэл бохийг гашилтал нь зажилдаг байсан тэр үед а авиа илүү хойгуур хэлэгддэг ч юм уу, ирээдүй цагийг –жээ нөхцөлөөр илэрхийлдэг байсан биш болохоор авиазүй, хэлзүй хоёр ердөө өөрчлөгддөггүй юм биш үү? Мөнхийн юм байхгүй гэдэг философи үнэндээ хэлний бүх давхаргад хамаатай.

Монголын Нууц Товчоон дахь баримтаар жишээлэн хэлний хувьслын ерөнхий зургийг гаргахыг оролдъё.

1. Авиа аажуухан хувьсана

Нууц товчооны 74-р зүйлд Хөэлүн экийн көүд ... “жасагтан сэчэд болба” хэмээж. Өөрөөр хэлбэл хэдэн зуун жилийн өмнө Монголчууд ийн ярьдаг байж. Монгол хэлний эгшгээр хэлсэн олон үг өмнөө хөндийн Х авиатай байснаар Өүлүн эхийн нэр Хөэлүн байв. “Эх” нь “эк”, “хөвүүд” нь “көүд” байснаас харахад тэр үеийн “к” авиа зөөлөрч одоо “х “ болсон байна. Баруун Монголд одоо ч зөөлрөөгүй, хэвээр байгааг та мэднэ. “Жасагтан” нь “засагтан”, “сэчэд” нь “сэцэд” болсон хувьсал сонирхолтой. Халхын аялгуунд “ж” авиа “ж – з”, “ч” авиа “ч - ц” болон салаалж хөгжсөн бол Өвөр Монголд хэвээрээ буй. Буриадад бол “ч” нь “ц” болоод зогссонгүй, цаашид “с” болсон бөгөөд жинхэнэ “с” нь харин хөндий “х” болчихсон байгаа.

2. Хэлзүй вирустаж хувьсана.

Энэхүү өгүүллийг эхлэхэд иш татсан шүлэг цаашид үргэлжлэхдээ

Нарыг зүглэсэн усны модон хорхойг
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй хэмээнэ... гэдэг. Алтай язгуурын хэлнүүдийн үгзүйг судалсан зарим судлаач Монгол, Түрэг, Манж хэлнүүд дэх тийн ялгалын нөхцөлүүдийг эрт цагт бүгд бие даасан үгс байсан гэж дүгнэдэг. Монгол хэлэнд хамгийн сүүлд үүссэн чиглэхийн тийн ялгалын руу/ рүү, луу/лүү нөхцөл л гэхэд “уруу” гэсэн үгнээс гаралтай нь энэ онолыг батлах энгийн жишээ. Тэгэхээр мөнөөх найргийг хэл шинжлэлд буулгавал

Угтаа бие даасан үгсийг
Утгаа алдан өөрчлөгдөхөд хүмүүс нөхцөл дагавар хэмээнэ гэж болох юм.

Ер нь хэлзүйг “вирустаж” хувьсдаг гэж хэлж болно. Англи хэлний эртний баримтуудыг үзвэл fox (үнэг) – ийн олон тоо нь foxas, харин tunge (tongue буюу хэл) – гийн олон тоо нь tungan, waeter (water буюу ус) бол ганц, олон тоот хэлбэр нь адил, boc (book буюу ном) –ын олон тоо нь bec байжээ. Гэтэл олон тоо үүсгэх –s залгавар хэлэнд вирус мэт тархаснаар өнөөгийн англи хэлэнд зөвхөн foxes төдийгүй tongues, waters, books (эртний хэлбэрээ хадгалсан бол book – ийн олон тоо нь beek байх ёстой) гэх мэт хэлбэрүүд бий болсон байна. Ингэж нэг хэлбэр нь дийлэхэд нөгөө нь дийлдэж үгүй болно. Монгол хэлний өгөхийн тийн ялгалын –д, -т нөхцөл вирус мэт тарж, оршихын тийн ялгалын –аа (танаа, хотноо гэх мэт үгийн) нөхцөлийг хэрэгцээнээс зайлуулж байна. –тай бас –лугаа - г түлхчихжээ.

Монголын Нууц Товчооны 17-р зүйлд “Алан гоа эрэ үгэүй бөэд гурбан көүд төрэүлби” гэж гардаг. Өдгөөчилбөл “Алан гоо нөхөргүй атлаа гурван хөвүүн төрүүлэв” болно. Хэрхэн төрүүлснийг нь сонирхохоо болиод хэлзүй нь яаж өөрчлөгдсөнийг ажиглая. Үгүй гэдэг үг үгэүй гэсэн хэлбэртэй байгаа нь хүйсээр зохицож байгаа хэрэг. Алун гоогийн тухайд хэрэглэсэн учраас эм хүйсийн ганц тоот хэлбэрийг сонгож. 195-р зүйлд “би .. дэү нэр үгэү” гэж гардаг нь эр хүйсийн ганц тоо, 51-р зүйлд “Хадаан, Төдөэн хояр ураг үгэүн бүлээ” хэмээдэг нь даруй олон тоот хэлбэр мөн. Үүнээс гадна өнгөрсөн цагт “төрэүлби” буюу -би нөхцөлийг хэрэглэсэн нь эм хүйсийн ганц тоо, эр хүйсэнд бол “Добун мэргэн үгэү болба” хэмээн –ба нөхцөл хэрэглэдэг байжээ. Өөрөөр хэлбэл Монгол хэл өнөөгийн орос хэл шиг үйл үг нь (читал, читала, читали) тоо, хүйсээр зохицдог байж. Түүгээр ч барахгүй “гурбан көүд” хэмээн тодотгуулагч нь олон бол тодотгогч нь бас олон тоонд байдаг байсан нь одоогийн англи хэлнээ three books хэмээдэгтэй яг адил байжээ.

3. Андуураад байвал хувьсаад байна

Монголд их олон спорт дотоодын зохион байгуулалтад орж, бүлгэм үүсгэн, тэрхүү бүлгэмийн багууд хоорондоо өрсөлдөн аваргаа тодруулах болсон билээ. Ийм бүлгэмийг юу гэдгийг та мэдэх үү? Гадаадын спортыг сонирхогч хэн бүр “лига” буюу league гэсэн үг гэж мэднэ. Ингээд манайхан ч өөрийн лигатай болов. Лига гэдгийг монголчууд харин лийг хэмээн дууна. Лигийн аварга, лигийн шилдэг тоглогч гэх мэт үгс хэн бүхний чихэнд дасал болж эхэллээ. Гэтэл нэг удаа хамт ажилладаг багш маань надаас “Волейболын лий юу болж байна?” хэмээн асууж байна. Лийгийн гэдэг үгийг дүүгийн, хүүгийн гэх мэт үгстэй адилтган бодож, үндсийг нь ялган авахдаа лий гэж боджээ. Үүнээс хойш ялангуяа Монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь лийгийн тэмцээнийг лий гээчийн тэмцээн гэж ойлгож явдгийг анзаарч билээ.

Лий гэж шинэ үг Монгол хэлэнд бараг үүсэхгүй байх л даа, гэхдээ хэлний түүхэнд яг ингэж буруу задалснаас болж шинэ үг хэллэг үүссэн түүх түгээмэл. Англи хэлний nickname – хочилсон нэр гэсэн үгийг одоо бүгд nick + name хэмээн задлан ойлгох бөгөөд үүнээс үндэслэн nick буюу “хоч” гэсэн үг бий болгожээ. Гэтэл энэ үг нь эртний англи хэлэнд ekename байсан агаад eke нь “бас”, “мөн” гэсэн утгатай үг байв. “Бас нэгэн нэр” нь хоч байсан хэрэг. Англи хэлний дүрэм ёсоор энэ үг эгшгээр эхэлсэн тул an ekename гэж ялгац гишүүнтэй хэрэглэгдсээр яваандаа an ялгацын n гийгүүлэгч арынхаа үгний эхлэл мэт болж, a nickname болсон байна. Андуураад байна, андуураад байна...

4. Үгийн утга шилжиж хувьсана

Өэлүн үжин Есүхэйд булаагдаад явж байхдаа эр нөхөр Чилэдүдээ ихэд санаа зовон

Ах минү Чилэдү
Хий өөд хөхлөөн хийсэгсээр
Хээр газар хээлээн өлсөгсөөр бүлээ ... (Монголын Нууц Товчоо, 56-р зүйл) хэмээн гашуудан өгүүлдэг.

Эр нөхрөө ах гэж хэлснээс гадна хий гэсэн үг одоогийн “салхи”, хөхөл нь “гэзэг”, хээл нь “гэдэс” гэсэн утгаар тус тус орсон байна. Хий, хээл хоёр одоо ямар утгатай болсныг та мэднэ. Үгийн утга ингэж шилжин хувьсдаг аж. Тонилох гэхээр одоо бол “талийх”, “үгүй болох” гэсэн утга л толгойд бууна. “Тарпо чэнпо” буюу “Ихэд тонилгогч” гэсэн судрын нэрийг хараад зарим нэг нь хараалын ном байна гэж бодож мэдэх. Энэ судрын англи орчуулга нь “Great Liberation” бөгөөд ийн орчуулахын учир нь “тонилгох” гэдэг нь угтаа сансрын хүлээснээс ангижруулах буюу “чөлөөлөх” гэсэн утгатай үг юм.

Энэ ертөнцийн бүхий л юм үзэгдэл, түүний дотор хэл ийнхүү байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ажээ.

Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног улирч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна ... (Очирбатын Дашбалбар)

dayarmongol.com

Гарьд Сvхбатыг дурсч, Болд-Эрдэнээ vгvйлсэн учрал

“Уйт намрын ханшийг даган шувуу бидэн
Умар, єрнє зvг салан одовч
Удаахь жилийн эсэргэн урийн цагаар
Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнээ”…

Мон­голын мєнгєн vеийн яруу найргийн сод тєлєєлєгч, на­муун уянгын гунигт дуучин Жамъянгийн Болд-Эрдэнийн ийм шvлгийн мєрvvд сэтгэлд vлджээ. Гучин гуравхан на­сандаа ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн билгvvн найрагчийн “Нэг ангийнхан” шvлэгт ан­гийн анд Цахиур Тємєр овогт С.Баасанжав аялгуу зо­хиос­ныг найз нар нь цуглах бvртээ сvлд дуу болгон дуулдаг болж.
“Нэгэн ангийн хvvхдvvд бид нар
Дєчин нэгvvлээ байлаа
Нэгэн нуурын шувууд шиг
Дэгэн дэрвэж явлаа
Vvрийн гэгээтэй уралдаад
Єргєє танхимдаа цугладаг байлаа
Багшийн заасан эрдмээр
Балчир ухаанаа гийгvvлдэг байлаа
Бvл халуун амиараа
Эргээд бид нар цугларна даа
Бvлээн гараа атгалцаад
Инээж баясаад уулзал­данаа”
Гэнэн цагаахан сэт­гэлийн дууллаар жигvvрлэсэн охид, хєвгvvдээс 25 жилийн хойно 25 нь л ирэх юм гэж хэн санах билээ дээ. Сvх жанжны тал­бай дээр уулзаж буй эд­гээр “сурагчид” бол Налайх дvvр­гийн Алтан гадас одонт 10 жилийн нэгдvгээр сур­гуулийг 1982 онд дvvргэсэн Ж.Сэвжээ багштай 10б ан­гийнхан. Ан­гийн дарга Д.Єлзийтогтох ирсэн хvvхэд бvхний хvзvvнд єнгєрєгч зууны наяад оны сурагчдын бэлгэдэл гал улаан бvчийг хvндэт­гэлтэй­гээр зvvж єгє­хийн зэрэгцээ улаахан цэцэг гардуулах ажээ. Олон жил ингэж уул­заагvй тэдний харц, царай тєрхєд гайхсан, баярласан, гуниглангуй олон єнгє аяс тодорно. Зарим нь тэв­рэл­дээд vнсэлдэнэ, зарим нь бишvvрхсэн янзтай биесээ ажиглан зогсоно. Эдний ан­гиас багш, эмч, эдийн засагч, уурхайчин, цэргийн дарга, эмийн санч, мотор ороогч, СЄХ-ны дарга гээд янз бvрийн ажил, мэргэжилтнvvд тєрєн гарчээ. Тэдний ярианаас анзаарахад 14 хєвгvvн нь спортын зэрэг цолтой ийм спортлог анги Налайхад нэг хэсэгтээ байгаагvй юм байх. Бас vймvvлдгээрээ сур­гуу­льдаа номер нэг гээд бод доо. Ж.Болд-Эрдэнэ зургаан нас­тай сургуульд орсон боло­хоор ангийнхнаасаа хоёр ч на­саар дvv, “Боожгой” хочтой хvv байж. Наймдугаар ангид байхдаа улсын баатруудын хєргийг зурж vзэсгэлэн гар­гасан нь уран зураач болох гараа нь байсан юм билээ гэж тvvнийг ангийнхан нь дурсч байна. Ангийн бас нэг алдар­тан нь Мон­­гол Улсын гавьяат та­мирчин, улсын гарьд том П.Сvхбат юм. Унасан ч, дав­сан ч инээж л явдаг тvмний хайртай бєх маань эдvгээ АНУ-ын Денвер хотноо амь­дарч буй юм би­лээ. Уулзалтад ирж ам­жаа­гvйдээ хvлцэл єчиж, утсаар ярьж байна, мань эр. Саяхан зээгийн зулай vнэрлэж євєє болжээ. Ангийн эвлэлийн vvрийн дар­га нь Жаарга хэ­мээх С.Гэрэл, аж ахуйн са­лааны даргаар Ч.Билэгт нар ажиллаж байсан аж. Анхны хайрын болзоонд догдлон хєтлєлцєж явсан гэнэхэн хосуудаас Я.Бадрах, Ж.Бат­цэнд хоёр, Т.Алтан­гадас, Д.Єлзийтогтох нар л тоонот гэрт толгой холбож, айлын голомт бадраажээ. Я.Бадрах нь Онцгой байдлын ерєнхий газрын гадаад харил­цааны хэлтсийн дарга, тэр­гvvн ах­мад болжээ. Хєвгvvдээ би­еийн тамирын талбайд єнжиж байна гэж охид нь багшдаа алтан хошуу єргєхєд нєгєє­дvvл нь ч бас охи­дынхоо дээс тоглохыг нуу­цаар тагнаж ил­чилж байснаа яриад инээлдэх эд нар яг л хvvхдээрээ. “Гэ­гээ­рэл” тє­вийн захирал, ар­дын боловс­ролын тэргvvний ажилтан Гэрэл, ангийнхан нь Баяртай гэх Тунгалаг гээд сайн багш нар эндээс тєрж. Мєнєєхєн ам тvргэнтэй Баяр­тай “Би ангийнхаа согоо нь байсан. Худлаа гэвэл намайг манай ангийн хєвгvvд тормолзсон алаг нvдтэй, сор­молзсон урт сормуустай гээд магтдаг байсан юм чинь” гэж тэ­рvv­хэндээ гайхуулахад эрчvvд тийм шvv гэж хvлээн зєв­шєєрч байна. “Алдар” ний­гэм­­лэгийн тамирчин Мєнхбат тавдугаар ангид байхдаа На­л­айхад байсан Зєвлєлтийн цэргийн ангийн танкнууд гv­вээ даван гарч ирэхийг ан­гийнхаа цонхоор хараад “Хя­тадын танк ороод ирлээ” гэж хашгираад багш, сурагчдыг тvргэн авахуулсан удаатай. Бас нэгэнтээ, ангийнхан нь Чээгий гэж дуудах Чи­мэд­цэрэн тємєр зам дээр мод тавьж, олон улсын суудлын галт тэрэг саатуулсан “хэр­гээр” тухайн vедээ аав, ээжээ 10 мянган тєгрєгєєр тор­гуулсан зэмтэй. Энэ нь са­наатай “хорлон сvйтгэх ажил­лагаа” ч биш ердєє л уулнаас тvлээний мод ойртуулж яваад галт тэрэг ирэнгvvт зам дээр орхиод гvйчихсэн хvvхдийн л гэнэн явдал аж. “Хэлмэгдсэн омгийнхон” гэдэг киног наяад оны хvvхдvvд их vзнэ. Тэр киноны Чингачукаар єєрийгєє овоглосон Ганбаагаа охид нь их цаашлуулж байна. Мань эр охидоо vнсэх хообийтой бай­сан нь єнєєдєр “эхнэрт чинь хэлнээ, чамайг” гэсэн даажиг­налын бай болсон гэлтэй. Инээд хєєр ийн vргэлжлэхийн зэрэгцээ бахархмаар ч юм шиг, гунигтай ч юм шиг дур­самж бас хєвєрсєєр. Арав тєгссєн 41-ээс таван ч хvн ангийнхныхаа ир­цийг бvр­дvvлэхээргvй холын хол од­жээ. 1990 онд Налай­хын уурхайд болсон томоо­хон ослыг монгол тv­мэн мар­таагvй байгаа. 29 хvний алтан амийг авч одсон энэ эм­гэнэлт явдлын vеэр Налай­хын аврах ангид ажил­лаж байсан эдний ангийн хvv Г.Алтангэрэл хоёр ч хvний амь авраад єєрєє бурхны оронд одсон байна. Ийм сvvн сэтгэлтний ард vлдэгсэд нь, амьдын хорвоод бахархан дурсахаас ч аргагvй юм. Та­лийгаачийн ээж Цэндсvрэн гуай автобус баазын жолооч байсан учир хvvгийнхээ ан­гийнхныг амралтын єд­рvv­дээр салхилуулж зугаа­луул­даг байсныг ч нєхєд нь хэр­хэн мартах билээ. Ирээ­дvйн улсын гарьд найздаа “ну­хуулж” бэлтгэлийг нь хан­гадаг байсан З.Кавал гэж шавилхан биетэй уурхайчин эр байна. Чєлєєт бєхийн 57 кг-ийн жинд уурхайн хоёр гурван ч удаа­гийн аварга болж байсан тэр­бээр “Манай Сvхээ улсдаа битгий хэл тив, дэлхий, олим­под алдартай бєх дєє” гэж бяцхан хєєрєлхєєд авав. П.Сvхбат аравдугаар ангид байхдаа єсвєрийн бєхчvv­дийн барилдаанд євдєг шо­роо­долгvй хорин хэд даван “тулгат” цол авч ангийн­хан­тайгаа баяраа хуваалцаж явж. “Сvхээтэйгээ арван жил нэг ангид сурч, арван жил нэг гудмаар алхаж явлаа даа” гэж хvvхэд насны галт тэрэгний тийз мєрєєдєх хижээл хоёр андыг нь Т.Батчулуун, Б.Баяр­­­­сайхан гэнэ. Риза гэж казах охин байсан эдvгээ АНУ-д амьдарч байгаа. Мон­голд маш ховор мэргэжилтэй нэгэн ч эдний ангид бий. Т.Алтангадас Киргизийн Фрун­зе хотын Нисэх хvчний дунд сургуулийн онгоцны хар хайрцагны мэргэжилтнээр тєгсчээ. Биеийн тамирын дээд сургууль тєгсєєд 29 дvгээр тусгай сургуульд баг­шилсан Баатарсvрэн, хvнс­ний технологич болоод Бага­нуур хотод анхны илгээлт аван очиж талхчнаар ажил­ласан Цэцгээ гээд ийм л эгэл жирийн иргэдээс эх орон минь эхэлдэг биз ээ. Ангийнх­ныхаа гэрэл зургийг тайлбар­лах П.Энхтуяа, яруу найрагч­тай Ленинградад хамт сурч байсан Є.Энх-Амгалан нарын хєтєлсєн жимээр тэртээх наян хоёр оны 10б ангийнхан­тай уулзахад амьдралын жа­маар хэдийнэ аав ээж, эмээ євєє болсон ч нэг нэгэндээ vргэлж хvvхдээрээ санагдах гэгээн дурсамж нь гэрэлтсээр байсан билээ.


Daily News:Л.Батцэнгэл