Thursday, June 11, 2009

Өөрийн минь цогцсыг
Үргэлжид салхи нижигнэн байх
Өндөр уулын сүүдэр тал оршуулаарай

Намайг тийм ч гүнд бус оршуулсан нь газар хөлдүү байсанд л болов уу. Бүгдээр намайг мартсан ч би ургаж буй өвс ногоо хийгээд усны нэгээхэн дусалд багтсан наран сарны тусгал, шувуудын жиргээнийг ч сонсож байна. Гагцхүү нэгэн гайхалтай нь намайг хөдөөлүүлсэн мянганы өмнөх явдал өнөө яагаад үргэлжилнэ вэ?

Ургаа моддын шуугиангүйд
Шатсан модод шаналдаг

Үргэлжид би бодол болж үл чадна. Намайг хөдөөлүүлсний дараа дөчин ес хоногийн туршид ойр дотныхоо бүх хүмүүсийг би шинээр нээсэн.

Хэрэн хэсэж одлоо ч
Эхлэл өөрөө эцэслэл байдаг

Шарил дээгүүр минь эргэлдэж байдаг бодолд дарагдсан бор нүд нь аль нэгнээс цочин дайжсан, алжааж ядарсан хэдий боловч бүгдийн тухай тоомжиргүй өгүүлэх нь амьдын амьдралаас аль хэдийний уйджээ.

Зэгсний шуугих чимээ
Жирийн биш ээ...

Амьсгалынх нь тоо гүйцжээ гэж хэн нэгэн хэлсэн санагдана. Гариг ертөнцийн маань амьсгал зогсоогүй атал мөхөж үрэгдэнэ гэдэг өнгөцхөн ойлголт гэдгийг хэн ч санасангүй. Орчлон наран хийгээд нэр үл мэдэгдэгч нэлмэгэр гаригийн бие биенээ түлхэж татахад нь, агших сунах болоод аль нэгэн зүгт ханарахад нь амьтны хувиар миний амьсгалын хэмжээ өөрчлөгдсөн билээ. Энэ маань доргион байсан, дохиолол байсан гэдгийг хэн ч санасангүй юм болов уу.

Шувуу өт хорхойн дунд ч
Шулмын сэтгэл байдгийг
Амьдрал руу буцаасан

Хэзээ болохыг нь огт санахгүй байна. Оюун санаа минь надаас өндөр настай биеийг хүлэглэн нэгэнтээ ирэхдээ огтоос гэрэл гаргадаггүйсарыг хүмүүн бид Раахад идүүлсэн гэж ярьсан билээ. Буруу бүхэн маань бусадтай хамтарч намайг боомилжээ гэж би бодсон боловч оюун санаа минь намайг дуугарахгүй байхыг аминчирхан гуйсан юм аа. Тэгээд ч би цэцгийн үндэс болсон.

Ургах бүгд минь
Шодгорхон гэзэг болж
Унжаа удны
Мөчир болж
Мовь цэцгийн дэлбээ болж
Мойл жимсний яс болсон

Тэгээд ч би сүүлчийн шулам хийгээд эрхэсийн мэргэдэд учраа өгүүлэн газар доорхи харанхуйн гэрэлт судсыг барих боллоо.

1992 он.

4 comments:

bolor7erdene said...

Ёстой амтархан байж уншлаа. Орж гарч байнаа. Гайхалтай

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Сарантуяа said...

Баярлалаа. Болдэрдэнэ бид сайхан найзууд байлаа. Түүний минь бүтээлтийг өнөөдөр ч олонд хүргэж байгаад. Үүний чинь төлөө талархаж байна . MNB Б.Сарантуяа. saramrtv@yahoo.com хаягаар холбогдоорой

Teuvo Vehkalahti said...

Näin blogien välityksellä on kiva tusustua muiden maiden kultuuriin, ihmisiin ja luontoon. Tule sinäkin katsomaan Teuvon kuvat blogi ja kerro myös kaikille sinun kavereillesi, miksi kannattaa käydä katsomassa Teuvon kuvat blogi. Siksi että saadaan teidän maanne lippu nousemaan korkeammalle minun blogissa. Oikein hyvää alaknutta 2011 vuotta. Teuvo Vehkalahti Finland